Газар орны нэрээр оролдож, дур зоргоороо өөрчилж, цаашлаад газрын зураг дээр “шинэ” нэршлээр тэмдэглэх нь огтхон ч тоглоом биш. Энэ нь улс орны нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, цаашлаад тусгаар тогтнолтой алсуураа холбогдоно. Газар усны нэрэнд өвөг дээдсээс өвлөн уламжлагдсан “Манай уугуул унаган нутаг шүү” гэсэн “Тамга” дараастай байдаг юм. Бас дороо ямар эрдэнэс нуусныг нэрээр нь илэрхийлдэг эрдэмт дээдэстэй улс бид.
Тэгтэл сүүлийн жилүүдэд энэ байдал алдагдах шинжтэй боллоо. Холоос хайгаад хэрэггүй. Моби толгой, Цагдаа толгой, Кувейтийн ам зэрэг газар урьд ямар нэртэй байсныг мартсан. Хэзээдээ ч кувейтүүд монголд нутагтай байсан юм. Буянт-Ухаа орчмын Байцын даваа нь Айдсын даваа нэртэй болоод газрын зураг дээр хадагдаж яваа.
Монгол хүн амны бэлгээр гэж хэзээ ч газар орондоо айдас, хүйдэс гэсэн ёр муутай нэр өгөхгүй л дээ. Өмнөговь аймгийн Балга усны улаан нуур одоо Балгасны улаан нуур болоод бүрмөсөн хэвшчихлээ. Хангарьд шувуу балга ус амандаа авч яваад энд амсхийх зуураа ангасхийн асгаснаас үүссэн нуур хэмээх домогтой. Говийнхоо балгахан усыг “Хангарьд шувууны балгаж ирсэн чандмань эрдэнэ” гэж хүндэтгэж ирж. Гэтэл одоо Балгас гээд эвдэрхий нурангийн нэрээр нэрлэчихсэн. Уугуул нутгийнх нь иргэд нуураа Балгасны хэмээн хэлж зуршаад Монгол Улсын газрын зураг дээр ч тийнхүү тэмдэглэдэг болжээ. Өдгөө бол ойр тойрныг нь том жижиг уурхай ёстой л балгас болтол эргүүлж байгаа. Хөвсгөл нуур руу түрж орсон хадан хошууг Сомоо хад, Суман хад гэдэг байлаа. Сум шиг хэлбэртэй түрж орсон хясаан дээр цахлай шувууд цуглан тухлах дуртай сан. Гэтэл түүнд усан замын удирдлагууд ашгаа бодож Хүслийн хад гэсэн бизнесийн нэр өгчихсөн. Түүний уршгаар аялаж очсон хүмүүс тийш гарч мөнөөх л улигт эд хөрөнгө, мөнгө төгрөгөө гуйж сүү өргөж, шар тосоор шавж, мөнгө овоолж, өмхий самхай ханхалсан овоо болгон хувиргасан. Түүнийг нутгийнхан арилгаж цэвэрлэж үнэр танараас нь салгасан ч нэрээс нь болж мөнөөх л сүү өргөж, мөнгө овоолдог хэвээрээ. Өргөсөн сүү нь Хөвсгөл нуур руу орно. Уг нь монголчууд усанд сүү, цус дусаадаггүй нандигнадаг заншилтай байлаа.
Сүүлийн үед баруун талаасаа харь хэлийн нэршилд уул ус маань өртөх болов. Баян-Өлгий аймагт монгол нэртэй газар үлдэх нь үү гэмээр болжээ. Үүнээс улбаалж Нийслэлийн прокурорын газраас хууль бусаар газар орны нэр өөрчилсөн Баян-Өлгий аймгийн 14 албан тушаалтанд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 19.16 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар газар орны нэр өөрчлөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Өчигдөрхөн ийм үйл явдал боллоо.
Уг нь 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж зарлиг гаргаж "Уул ус, газар нутгаа эрх бүхий байгууллагаас баталсан нэрээр зөв нэрлэж занших, өөрчлөн буруу нэршихээс сэргийлэх, монгол хэлнээс бусад хэлээр орчуулах буюу бусад хэлний дуудлагаар галиглахгүй байхыг Монгол Улсын нийт иргэд, байгууллагад уриалсугай" хэмээсэн холыг харсан шийдвэр баталсан билээ. Тэр зарлиг одоо хүчинтэй байгаа эсэхийг мэдэхгүй. Манайхан хуучнаа оргүй мартахдаа амархан хойно. Дээр хэлснээр Баян-Өлгийд газар усны нэр замбараагаа алдаж гүйцжээ. Бага Түргэний хүрхрээ Сыргалы гэгдэж, бүр монголчууд ингэж хэлээд явж байдаг боллоо. Алдарт Алтай таван богд уул Бейс Богда болсон. За тэгээд Серикийн өвөлжөө, Муратын даваа, Назарбаевын өндөрлөг, Кадырийн бэл гээд явж өгнө дөө. Тэнд Серикийнх өвөлжиж, Мурат гуай давааны өвөрт намарждаг байж болно оо. Нутаг нугынхан тэгж хэлэлцдэг байж болно. Манайхны Доржийн хаваржаа, Балдан гуайн зуслан гэдэг шиг. Гэхдээ тэр нэрийг албан ёсоор нэршүүлж, газрын зураг дээр хадаж огтоос болохгүй. Аймаг орон нутгийнхаа газрын зураг дээр ингээд хадаад эхлэхээр сүүлдээ тэр нутагтаа байгаа монгол айлын хүүхдүүд ч түүгээр л нэрлэж заншина. Яваандаа үе солигдохоор Монгол Улсын газрын зураг дээр тэр нэр “дархлагдана”.
Одоо тийм нэршил Ховд аймаг руу алгуур “нүүж” байгаа. Тав арван жилийн дараа эдгээр газрын уугуул нэрийг мэдэх хүнгүй болно. Алсдаа манайх айлын нутгаас аваад хил дотроо оруулчихсан мэт гадна дотны хүнд санагдаад эхэлнэ дээ. Хэдэн үе улирмагц тэнд аж төрөх казахын ч, монголын ч үр сад анхнаасаа л тийм нэртэй газар мэт бодож, монголчууд хүний нутгаас хулууж тасдаж авсан мэт санагдах болуузай.
Бид казах түмний шашин, хэл, ёс заншилд хэзээд халдаж яваагүй, халдахгүй, халдах ч ёсгүй. Гагцхүү газар усны нэрээр битгий оролдоорой, албан бичиг баримтад бүү тэгж хэвшүүлээрэй гэж байгаа юм. Ийм байдал нэлээд эрт ч гарч байжээ. Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Өмнөдэлгэр сумдын уул усны нэрийг шарын шашин дэлгэрэх үеэр төвөд нэрээр ихээхэн сольсноор Монголын нууц товчоонд гардаг газар усны нэр хувирч чухам аль нь болохыг мэдэхээ больсон талаар түүхч эрдэмтэн О.Сүхбаатар нэгэнтээ ярьж байсан. Тухайлбал, Хангал нуур нь Нууц товчоонд огт өөр нэрээр гардаг юм билээ. Балданбэрэйвэн хийдийн нөлөөгөөр баахан газрын нэрийг бурхан, шашны нэрээр өөрчилж, өдгөө бол тийм л байсан мэт болоод, үр дагаварт нь бид Монголын нууц товчоонд гардаг үйл явдал ямар газар оронд өрнөж байсныг олохоо болив. Эрх биш Дэлүүн болдог, Бурхан халдун, Хар зүрхний Хөх нуурын нэр үлдсэн тулдаа Их хаантайгаа холбоотой уул усаа таньж үлдсэн байна. Бурхан Халдун уул, түүний орчмын тахилгат газар нутгийг 2015 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлсэн. Хэрэв Бурхан халдун нэрийг сольчихсон бол түүнийг хэзээ ч дэлхийд данстай өв болгож чадахгүй байв. Газрын нэрийг хадгалан үлдээхийн чухал болохын ганц л жишээ энэ.
Эзэн Чингис хааныхаа нэрийг хэлж болдоггүй өнгөрсөн түүхийн ээдрээт үеүдэд хийгээд түүнээс өмнөх цагт ч “өлгийдөн”, өнөөгийн харьшсан ойлголтоор бол “кодлон” боож нууцлан эрхэмлэж ирсэн Өндөрхаан нэрийг Чингис хот болгоод сольчихсон бас нэг жишээ бий. Монголчууд эцэг дээдсийнхээ нэрийг ил тодоор зарладаггүй, нууц, ёгт үгэнд шингээж ирсэн уламжлалтай юм. Ингээд аваад үзэхэд газар усны нэр усыг солих нь зүгээр нэг үг өөрчилж буй биш, тусгаар тогтнол, аюулгүй байдал, өв соёл, газар нутгийн бүрэн бүтэн байдал гээд маш олон талтай холбоотой, оролдож үл болох зүйл гэдгийг эхэнд хэлсэн. Ийм шалтгаантай учраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 19.16 дугаар зүйлийн 1-д “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хилийн цэс, газар орны нэрийг хууль бусаар албан ёсны баримт бичиг, газар зүйн зурагт өөрчилсөн бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заасан байдаг билээ. Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН