-Цаашид Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар нарын гэм буруутай эсэхээс үл хамаарч "НОГООН АВТОБУС" гэх үг хэнийх нь нэртэй бичигдэж, хэнд нь зүүгдэж үлдэх нь тусдаа сэдэв юм-
АТГ-аас "ногоон автобус"-ны хэрэгт 25 хүнийг яллагдагчаар татан шалгаж байгаа гэх мэдээллийг өгсөн. Хамгийн сонирхолтой нь, яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа 25 иргэний дунд "хэргийн гол эзэд" болох Хотын дарга асан Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар нарын нэр алга байна.
Тэднийг яллагдагчаар татаагүй ч "Ногоон автобус"-ны хэрэгт тайлбар, мэдүүлэг авсан гэдгийг АТГ-ын дэд дарга Г.Азжаргал хэлсэн. Энэхүү мэдээллийг ч УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Хотын дарга асан Д.Сумъяабазар нар ч үгүйсгээгүй билээ.
Хэрэв уншигчид санаж байгаа бол анх "Ногоон автобус"-ны хэрэг дэгдэхэд Хотын даргаар ажиллаж байсан Д.Сумъяабазар өөрт нь ямар ч хамаагүй, оролцоогүй гэж мэдэгдсэн. Эсрэгээрээ Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар ч адилхан тайлбарыг өгч, хэргийг өөрөөсөө бултуулж байлаа. Гэсэн ч тэдний аль, аль нь "Ногоон автобус"-ны хэрэгт бүдэрч, улс төрийн хариуцлага хүлээж ажлаа өгсөн байдаг. Тэгвэл иргэд олон нийтийн зүгээс "Ногоон автобус"-ны хэрэгт мань хоёрыг шалгах ёстой гэдгийг хэлж байгаа юм. Үнэхээр ч эл хэрэг Д.Сумъябазар, Ж.Сүхбаатар нарыг тойрч гарах ёсгүй. Өөрөөр хэлбэл, хэдхэн хурган дарга нар хариуцлага хүлээж, том дарга нар нь ард нь үлдэж болохгүй. Тэднийг хэрэгт холбоотой эсэхийг нягталж, гэм буруутай эсэхийг шалгаж тогтоох ёстой гэж үзэх иргэд ч байна.
Нөгөө талаараа "НОГООН АВТОБУС"-ны хэрэг Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар хоёрын улс төрийн карьерт сөргөөр нөлөөлсөн. Ганцхан MEC судалгааны байгууллагаас сар бүр гаргадаг улстөрчдийн чансааг тодорхойлдог судалгаанаас харахад тэдний нэр хүнд 30 хүртэлх хувиар унасан нь харагдаж байна. Харин цаашид тэдний гэм буруутай эсэхээс үл хамаарч "НОГООН АВТОБУС" гэх үг хэнийх нь нэртэй бичигдэж, хэнд нь зүүгдэж үлдэх нь тусдаа сэдэв юм.